ИчироЮаса (Японы Энх тайвны төвийн ерөнхийлөгч)
2013.05.14
2013 онд Солонгосын дайны гал зогсоох хэлэлцээр байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байна. Хэдийгээр урт хугацаа өнгөрсөн ч энэ хэлэлцээр цаашид байнга орших энх тайвны баталгаа болж чадахгүй хэвээр байна. Нөгөө талаас Умард Солонгосын гурав дахь цөмийн туршилт ба хиймэл дагуул хөөргөх оролдлого зэрэг нь талуудыг батлан хамгаалах салбарт өрсөлдөөнөө үргэлжлүүлэхэд хүргэж байгаа юм.
Умард Солонгос нь цөмийн зэвсгээ цаашид улам илүү хөгжүүлэх нь тодорхой бөгөөд энэ нь түүний одоогийн улс төрийн гол зорилго болж байгаа юм. Гэвч энэ үйлдэл нь тэднийг дэлхий ертөнцөөс улам бүр тусгаарлаж байна. Ийм сонголт хийхэд түлхэж буй цаад хүчин зүйл нь юу вэ? Энэ бүх зүйлийн гол угшил нь АНУ-д үл итгэх явдал юм. Ерөнхийлөгч Бушийн засаг захиргааны үед Умард Солонгос нь чөтгөрийн тэнхлэгийн тоонд багтаж байлаа. 2003 онд Умард Солонгос АНУ Иракийн удирдагч Саддам Хусейнийг хэрхэн устгаж байгааг нүдээр харсан ба энэ хэрэг явдлаас хойш өөрийн цөмийн зэвсгээ эрчимтэйгээр хөгжүүлж эхэлсэн юм. Үүний үр дүнд Умардынхан АНУ өөрийг нь устгахгүй гэсэн баталгаа байхгүй гэж үзэж цөмийн зэвсэг хөгжүүлэх ажлаасаа огтхон татгалзах хүсэлгүй байгаагаа илэрхийлсээр байна.
Зүүн хойд Азид Хүйтэн дайны сэтгэлгээ үргэлжилсээр байна.
Хэдийгээр Берлиний хана нурж хүйтэн дайн эцэс болсоор 20 гаруй жил өнгөрсөн боловч өнөөг хүртэл дэлхий ертөнц энэ дайнаас бүр мөсөн ангижраагүй л байна.
Европт Германы нэгдлийн дараа өнөөгийн Европын холбооны үүслийн нэг тулгуур болох Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны механизм бий болж цэрэг зэвсгийн зөрчилдөөнөөс үүсэж болох байсан эрсдийг арилгаж чадсан билээ. Үүний зэрэгцээ Европт АНУ-ын 200 орчим тактикийн цөмийн цэнэг бас хадгалагдсаар л байгаа юм.
Зүүн хойд Азид харин Солонгосын дайн бүрэн дуусаагүй байна. Умард Солонгосын цөмийн асуудлаас болж энэ урьд хожид байгаагүй зэвсэгт хүчний сөргөлдөөн үргэлжилсээр байна. АНУ болон ОХУ цөмийн зэвсгийнхээ 10 орчим хувийг харвах сууриудад нь тараан байршуулж бэлэн байдалд шилжүүлээд байна. Энэ бүхнээс харахад дэлхийн өнцөг булан бүрт хүйтэн дайны ул мөр үргэлжилсээр байгаа нь тодорхой юм.
Өнөөг хүртэл аль аль талдаа зэвсэгт бэлэн байдалд байгаа 38-р өргөрөг нь Зүүн хойд Азид өнөөг хүртэл хүйтэн дайн үргэлжилсээр байгаагийн гол бэлэг тэмдэг юм. Ёнгпёонду арал дээр гарсан шиг жижиг мөргөлдөөнүүд цаашид ч ихсэх хандлагатай байгаа нь тэнгис дээрхи хоёр улсын хилийг нарийн тогтоогоогүйтээ холбоотой юм.
Хятад-Оросын зэвсэгт хүчин хурдацтайгаар шинэчлэгдэж, Япон-АНУ-БНСУ-ын батлан хамгаалах хамтын ажиллагаа өргөжиж, Умардын цөмийн хөтөлбөр үргэлжилсээр байна. Энэ мухар тойрог буюу “Аюулгуй байдлын сонголтгүй нөхцөл байдал” нь харилцан үл итгэлцэлийг бий болгож цөмийн аюулд хүргэж чиг болзошгүй юм. Яг энэ дүр зургийг харахад батлан хамгаалах салбарын хөгжил цаашид ч маш тогтвортой хурдаар өсөхөөр байгаа юм. Өөрөөр хэлвэл бид энх тайван, аюулгүй байдалд хөтөлсөн ямар ч замыг олж харахгүй байна.
Үүнээс гарах ганц зөв шийдэл бол аюулгүй байдлын энэ сонголтгүй нөхцөл болсон мухар тойргоос хэрхэн гарах талаар улс орнууд өөр хоорондоо зөвшилцөж хамтран ажиллах явдал юм.
1982 оны Палмагийн зөвлөлгөөнөөр “Бүх нийтийн аюулгүй байдал”-ийн нэгдсэн ойлголтыг “Аюулгүй байдлын асуудал ба зэвсэг хорогдуулах бие даасан хороо”-ноос дэвшүүлсэн байдаг.
Үүнд “Бүх нийтийн аюулгүй байдал” гэдэгт бүх улс орнууд аюулгүй байх эрхтэй бөгөөд ямарваа нэг маргаантай асуудлыг хэд хэдэн улс хамтарч ярилцаж байж л шийдвэрлэнэ гэсэн ойлголт тусгагдсан байна. Энэ санаа л биднийг хүйтэн дайны төгсгөл рүү хөтөлж, Берлиний ханыг нураан Европод Европын холбоо үүсэн бий болох нөхцөлийг бүрдүүлж өгсөн юм. Үүгээр ч зогсохгүй энэ нь 1995 онд бүс нутгийн аюулгүй байдлын механизм болох ОSCE-ийг бий болгосон билээ.
Яг үнэндээ бид Зүүн хойд Азид үүнтэй төсөөтэй ямар нэгэн алхам хийгдэж буйг огт олж харахгүй байна. Ийм учраас л бүх нийтийн аюулгүй байдлын үзэл санааны доор Зүүн хойд Азийн аюулгүй байдлын хамтын тогтолцоог шинэ түвшинд гаргах цаг болоод байгаа юм. Үүний тулд Зүүн хойд Азийг цөмийн зэвсэггүй бүс болгож энэ бүс нутагт олон улсын аюулгүй байдлын хамтын ажиллагааны шинэ хэлбэрийг бүрдүүлэх нь юу юунаас илүү чухал болсоор байна.
ЗХА-ийг цөмийн зэвсэггүй бүс болгохын ач холбогдол
Зүүн хойд Азид Хүйтэн дайн үргэлжилсээр байгаа энэ үед бид 1990-ээд оны эхэн үед Европт хүйтэн дайн төгсгөл болсон тэр цаг хугацааг эргэн санах хэрэгтэй юм.
Хүйтэн дайны төгсгөлөөс шалтгаалж цөмийн стратеги, цэргийн зохион байгуулалтандаа өөрчлөлт оруулах боломж Зүүн хойд Азид байсан юм. Энэ үед буюу 1992 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах хамтарсан мэдэгдэл хүчин төгөлдөр болсон билээ. Энэ бол шинэ эрин үеийг нээсэн түүхэн үйл явдал байлаа. Тус мэдэгдэлд цөмийн зэвсэггүй бусад бүсэд байдаг үндсэн шинж чанарууд бүгд биш ч ихэнх нь дурьдагдсан байсан юм. Жишээлбэл, цөмийн зэвсгийн туршилт хийх, үйлдвэрлэх, хүлээн авах, байршуулах, хадгалах, мөн цөмийн зэвсэг хэрэглэх зэргийг хориглосон заалтууд энд орсон байсан юм. Хэдийгээр үүнийг шаардлага хангасан цөмийн зэвсэггүй бүс болоход чиглэсэн арга хэмжээ байсан гэж хэлж болохгүй боловч тухайн үедээ өмнө байгуулсан гэрээ, хэлэлцээрүүдэд тулгуурлан цөмийн зэвсэггүй дөрөв дэхь бүсийг бий болгох тухай яригдаж байсан нь бас үнэн болно. Харамсалтай нь тус мэдэгдэл бүрэн хэмжээгээр хэрэгжээгүй юм. Тус мэдэгдэлд түүнд тусгагдсан зүйлүүдийг хэрэгжүүлэх баталгаа мөн биелүүлэх механизм тусгагдаагүй байсан учир Цөмийн зэвсэггүй бүсийн гэрээний шаардлагыг бүрэн хангаж чадаагүй юм. Хамгийн гол нь энэ процессийг хянах механизм байгаагүй болон цөмийн зэвсэгтэй орнууд болох БНХАУ, ОХУ, АНУ аюулгүй байдлын ийм баталгаа байхаас татгалзсанаас болж юу ч урагшлаагүй юм. Ингээд үүнээс хойш хоёр жилийн дараа гэхэд л АНУ, БНАСАУ-ын харилцаанд зөрчил гарч улмаар ихээхэн хурдтайгаар хурцдаж эхлэсэн билээ. Хамтарсан мэдэгдэл гаргах санаачлага ч тасарч тус төлөвлөгөө үндсэндээ зогссон болно.
Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах зорилго бүхий 6 талт хэлэлцээрийг 2003 оноос эхлэсэн боловч Умард Солонгосын зэвсгээр хөөцөлдөх явдлыг зогсоож чадахгүй байгаагаас бидний урам байнга хугарсаар байгаа юм. Тэр цагаас хойш арван жил бид эргэж хургасаар л байна. Жишээлбэл, 2012 оны 2 дугаар сард өндөр дээд хэмжээний уулзалтын үр дүнд АНУ-Умард Солонгосын хэлэлцээрийг байгуулсан юм. Гэтэл үүний дараахан Умардынхан хиймэл дагуул хөөргөж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хориг тавигдаж, гурав дахь удаагийн цөмийн туршилт хийгдсэн байна. Товчхондоо, цэргийн хурцадмал байдлын муу ёрын тойрог үргэлжилсээр байна.
Умард Солонгос зургаан талт хэлэлцээрээс гарсан ньСолонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах бодол санааг мухардалд оруулаад байгаа юм. Үнэндээ, хэрэв Умард Солонгосын байр суурьнаас харах юм бол зөвхөн өөрийг нь цөмийн зэвсэггүй болгоход гол анхаарлаа хандуулаад цөмийн зэвсэгтэй бусад улс, түүнчлэн АНУ-ын цөмийн шүхэр доор байдаг Япон, БНСУ цөмийн зэвсгээс ангижруулах үйл явцад хамрагдахгүй байгаа нь тэдэнд эрх тэнцүү биш хандаж байна гэх мэдрэмжийг төрүүлж байгаа нь лавтай юм. Энэ мухардлаас гарахын тулд Япон, БНСУ хоёр Зүүн хойд Азид цөмийн зэвсэггүй бүс байгуулахын төлөө итгэлцлийн тогтолцоонд хандах хандлагаа эрс өөрчилж хариуд нь Умард Солонгос өөрийн цөмийн нөөцөө багасгаж болох юм. Өөрөөр хэлвэл Зүүн хойд Азид цөмийн зэвсэггүй бүс байгуулах гэрээг хамтдаа санаачлах нь үл итгэлцлийн тэр ханыг нураах гол түлхүүр болж магадгүй юм.
Гэвч Японы засгийн газар Зүүн хойд Азийн цөмийн зэвсэггүй бүсийн талаар үл итгэсэн байр суурьтай байгаа юм. Түүний хэлж буйгаар энд цөмийн зэвсэггүй бүс байгуулах бодит нөхцөл хараахан бүрдээгүй байгаа бололтой. Японы Засгийн газар цаашид үргэлжлүүлэн Умард Солонгосыг цөмийн зэвсгээсээ татгалзахыг ятгах замаар л Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг сайжруулах хэрэгтэй үзсээр байна
Нэг үгээр хэлвэл, өнгөрсөн хугацаанд Японы Засгийн газар асуудлыг шийдвэрлэх ямар нэгэн шинэ санааг огт бодож олоогүй юм. Гэтэл ТББ-уудаас хэд хэдэн санал санаачлагууд гарч байсан болохыг хэлэх хэрэгтэй. 1995 онд доктор Умбеяши /Энх тайвны төвийн тусгай зөвлөх/ Зүүн хойд Азийг цөмийн зэвсэггүй бүс болгохын тулд “Гурав дээр нэмэх нь гурван үндэстний зохион байгуулалт” гэсэн санааг танилцуулсан байна. Энэ төлөвлөгөө нь бодит байдалд илүү ойр болсон бөгөөд учир нь бүс нутгийн цөмийн зэвсэггүй гурван улс болох БНСУ, БНАСАУ, Японы хооронд үндсэн хэлэлцээр явагдах ёстойн зэрэгцээ харин цөмийн зэвсэгтэй гурван улс болох АНУ, БНХАУ, ОХУ туслах тоглогчийн үүрэгтэй оролцохыг санал болгосонд гол санаа нь оршиж байгаа юм. Энэ санааны давуу тал нь эргэн тойронд буй буй цөмийн зэвсэгтэй улсууд нь хэлэлцээрт анхнаасаа оролцох бололцоотой байх явдал юм. Хэрэв Зүүн хойд Азийг цөмийн зэвсэггүй бүс болгох үйл явцыг олон улсын эрх зүйн үндэслэлтэй болгож чадвал энэ нь энх тайвныг тогтоох үйл явцад томоохон амжилт болохсон билээ.
Өөрийн одоогийн байдлаа хадгалахын тулд Умард Солонгос цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлэх нь тодорхой юм. Иймээс Умард Солонгос цөмийн зэвсгээсээ эцсийн мөч хүртлээ татгалзахгүй нь ойлгомжтой болно. Ийм учраас цөмийн зэвсэггүй бүс байгуулах гэрээ хэлэлцээрүүдийн хажуугаар Солонгосын дайныг нэг мөр дуусгах алхмуудыг хийх нь бас маш чухал асуудал болж байна. Энэ нь энх тайвны гэрээг бүрэн хэмжээгээр байгуулж эвлрэлд хүрэх тохиолдолд л хэрэгжиж болох зүйл билээ. Өөрөөр хэлвэл, Зүүн хойд Азийг цөмийн зэвсгээс ангижруулах, мөн Солонгосын дайныг төгсгөл болгох хэлэлцээрүүдийг зэрэг явуулах нь асуудлыг шийдвэрлэх үндсэн гарц болно.