(Bloomberg) – Дэлхийн хамгийн том зэс, алтны уурхайг хөгжүүлэхтэй холбоотой асуудлаар Монголын хамгийн том хөрөнгө оруулагч болох Рио Тинтотой үүсээд байгаа маргааныг шийдвэрлэх нь түүний тэргүүлэх зорилт байх болно хэмээн Монгол Улсын шинэ Ерөнхий сайд Чимидийн Сайханбилэг хэлсэн боловч урьдын адил энэ талаар тодорхой зүйл ярьсангүй.
Өөрийн засгийн газрыг бүрдүүлэх ид ажлынхаа дундуур тэрбээр Риогийн зэсийн салбарын гүйцэтгэх захирал Жан Сэбастьян Жактай уулзсан бөгөөд уг уулзалт маш нааштай эерэг болсон хэмээн эл асуудлаарх яриа хэлцэлд оролцож байсан туршлагатай, гэхдээ тухайн уулзалт нь хувийн чанартай байсан тул нэрээ ил гаргахыг хүсээгүй нэг эх сурвалж тодорхойлсон байна. Ч.Сайханбилэг нь үндэсний эвлэрлийн Их эвслийн засгийн газрыг бүрдүүлэх үүднээс улс төрийн бусад намуудыг засгийн газартаа урьсан байна. Асар түргэн хурдацаас бараг зогсонги байдалд орсон, ингэхдээ Риотой үүссэн маргаантай бараг холбоотойгоор ийм байдалд хүрсэн эдийн засгийг засч залруулахад гол анхаарлаа хандуулна хэмээн тэрбээр тэмдэглэсэн байна. Өнгөрсөн 7 хоногт Монгол Улсын Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамнаас англи хэл дээр гаргасан мэдэгдэлд Засгийн газрын бүрэлдэхүүнийг зарласан нь их өвөрмөц хэлбэр байсан бөгөөд гадаадын хөрөнгө оруулагчдад шинээр хандах хандлагын дохио ч байж магад. Энэ нь татвар төлөхөөс зайлсхийсэн гэх шалтгаанаар хоёр жилийн туршид тухайн улсаас гадагш гарч чадахгүй байгаа америкийн бизнесмэн Жастин Каплагийн хувьд сайхан мэдээ байж болох юм. Түүнд ял ногдуулж эсвэл цагдан хорьсон зүйлгүй боловч улс орноос гарахыг нь хориглосон ажээ.
Риогийн уулзалтууд
Дээрх эх сурвалжийн мэдээлснээр, Жак нь энэ долоо хоногт Төрийн сайд Мэндсайханы Энхсайханыг оролцуулан бусад сайдуудтай уулзах ажээ. Ерөнхий сайд асан Энхсайхан тухайн оронд хэрэгжих томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэх юм байна. Тэрбээр маргаан дагуулаад байгаа Оюу Толгой нэртэй уг уурхайн талаарх яриа хэлцэлд оролцох эсэх талаар тайлбар өгөхөөс татгалзсан байна. Улаанбаатар дахь Оюу толгой ХХК-ний хэвлэлийн төлөөлөгч Брайан Уайт Монголын шинэ засгийн газартай хийж буй яриа хэлцэлд ямар нэг ахиц дэвшил гарсан эсэх талаар тайлбар хийхээс татгалзжээ. Риотой тэмцэл хийж, Каплаг саатуулснаараа Монгол улс гадаадын хөрөнгө оруулалтыг айлган түлхсэн бөгөөд үүний үр дүнд 2011 онд 17.5 хувиар дэлхийн хамгийн хурдан хөгжиж буй эдийн засгаас 2014 оны эхний есөн сарын байдлаар ердөө 7 хувийн өсөлт рүү унасан юм. 2012 оны эхний арван сард гадаадын хөрөнгө оруулалт 4 тэрбум ам.доллар байсан бол энэ оны мөн үед 791 сая болсж буурчээ. Үүнээс үүдэн өмнөх Ерөнхий сайд огцорсон бол гадаадын хөрөнгө оруулагчдыг эргүүлэн авчрах боломж ч.Сайханбилэгт ирээд байна.
Улс төржилт
Хууль тогтоогчдын нэг хэсэг цөөнх уурхайн эзэмшлийн бүтцийг шүүмжилж эхэлснээр Оюу Толгой болон Рио Тинтогийн давуу эрхийн асуудал улс төржих болсон юм. Цаашдаа эл асуудал сонгуулийн мөрийн хөтөлбөрийн нэг хэсэг болж, гадаадынхан улс орны эрдэс баялгийг цөлмөж байгаа тухай шуугих болсон. 2009 оны гэрээгээр, Ванкуверт төвтэй Turquoise Hill Resources Ltd. компани тухайн уурхайн 66 хувь, харин Монголын засгийн газар 34 хувийг эзэмших ёстой. Рио нь Оюу толгойн хувьцааны дийлэнхийг эзэмшиж буйгаараа тус төслийг хяндаг. 2013 онд ил уурхайн бүтээн байгуулалтын 1-р шатны зардал төсвөөс хэтэрснээс үүдэн хоёр эзэмшигчийн харилцаа муудаж эхэлсэн байна. Үүний дараагаар татвар болон удирдлагын бүрэлдэхүүн дэх монголчуудын тоо зэрэг асуудлаарх маргаан байдлыг улам хүндрүүлсэн. Нэг үе Оюу толгойн банкны дансыг царцаасан. Улмаар зэс, алтны нөөцийн ихэнх нь орших газар доорх гүний уурхайн барилга байгууламжийг санхүүжүүлэх 4 тэрбум ам.доллараас болж маргаан дэгдсэн юм. Төслийг цааш хөдөлгөхийн тулд өмнөх бүх асуудал шийдвэрлэгдсэн тухай Санамж бичигт талууд гарын үсэг зурах ёстой. 12 дугаар сарын 10-нд Монголын Бизнесийн Зөвлөлийн дарга Баянжаргалын Бямбасайханы хэлснээр, өөрийн төлөвлөгөөгөө парламентад танилцуулж, Засгийн газраасаа улс төрийн дэмжлэг олох хэрэгтэй бөгөөд үүнд цаг хугацаа шаардлагатай байна гэж Ерөнхий сайд хэлсэн ажээ. Бид нэгэнт Их эвслийн Засгийн газар байгуулж чадсан тул асуудлыг шийдэх зам нээгдсэн. Гэхдээ бүгд энэ асуудлаар санал нэгтэй байх ёстой хэмээн тэрээр хэлсэн байна.