Татвараас зайлсхийсэн хэргээр саатуулагдаад байсан Америк иргэн тэргүүтэй гадаадын 3 хүнд хувийн сектор дахь гадаадын хөрөнгө оруулалтыг хөхүүлэх зорилгын үүднээс Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж уучлал үзүүлсэн тухай олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд бичигдсээр байна.
АНУ-ын иргэн Жастин Капла, Филиппин улсын иргэн Хиларион Кажуком болон Кристобал Дэвид нарт тус бүрт нь 5 ба түүнээс дээш жилийн хорих ял оноосон ба өнгөрөгч сараас хойш тэд шоронгийн хяналтанд байсан билээ. Хүн ам харьцангуй тархай суурьшсан Монгол улс нь Англи-Авсрталийн уул уурхайн аварга Рио-Тинтогийн ашиглаж байгаа асар том алт зэсний Оюу Толгой уурхайгаар жишээ болсон уул уулхайн салбарын үсрэнгүй хөгжлийн суурин дээр 2011 онд эдийн засгийн өсөлт 17.5 хувьд хүрч оргил үзүүлэлт үзүүлж сүүлийн хэдэн жилд дэлхийд тэргүүлэх чансааны эдийн засгийн өндөр хурдыг үзүүлсэн юм. Гэвч байгалийн нөөц уул уурхайн салбарт үндсэрхэх үзэл өссөн, дэлхийн уул уурхайн уналт, хөрөнгө оруулалтын орчны хүнд нөхцөл зэрэг шалтгаануудаас үүдэн гадаадын пүүс компаниуд тус улсыг орхих болсон нь энэхүү эдийн засгийн өсөлт буурахад хүргэсэн ба гадаадын гурван иргэнийг хорьсон явдал нь ирээдүйн хөрөнгө оруулагчдыг эргэлзээнд оруулаад байсан юм. Өнгөрсөн жил Монгол улсын гадаадын шууд хөрөнгө оруулалт 74 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Ерөнхийлөгчийн хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Чадраабалын Өнөрбаяр хэвлэл мэдээлэлд өгсөн тайлбартаа Ерөнхийлөгч Монгол улсын хуульд заасанчлан хэнийг ч өршөөн хэлтрүүлэх эрхтэй гэжээ. Энэ тохиолдолд эдгээр хүмүүсийн татвараас зайлсхийсэн нь гэмт хэрэг үйлдсэн анхны тохиолдол тул тэд Ерөнхийлөгчөөс уучлал хүсэх бүрэн эрхтэй гэж Өнөрбаяр хэлжээ. Тус вэб сайтын мэдээлснээр Ерөнхийлөгч мөн энэ үеэр татвараас зайлсхийсний улмаас ял эдэлж байсан Монголын гурван иргэнд уучлал үзүүлсэн нь гадаадын иргэнд зөөлөн хандаж хошуу дэвслээ гэж ойлгогдохоос зайлсхийсэн мэт харагдаж байна. Эдгээр гадаадын 3 иргэний хуучин ажил олгогч компани болох нүүрс олборлогч South Gobi Sands-тай 2011 оноос хойш татварын маргаантай байсан байна. South Gobi Sands-ийн толгой компани болох Торонто ба Хонгконгод бүртгэлтэй South Gobi Resources 2 сарын 18 нд тус ялын тогтоолын эсрэг давж заалдсан. Түүнээс хэд хоногийн өмнө хоригдогч гадаадын гурван иргэн Ерөнхийлөгчөөс тус улсыг орхин гарах, үйлдсэн хэрэгт нь өршөөл үзүүлэх тухай гараар бичсэн захидлыг илгээжээ. Шоронд хоригдохоос өмнө Капла, Кажком, Дэвид нарт Монгол улсаас гарахыг нь бараг 3 жилээр хориглоод байсан юм.
Гадаадын хэвлэлээс орчуулж бэлтгэсэн Геополитикийн хүрээлэнгийн судлаач гишүүн Т.Түвшинзаяа