Антониа Блүмберг Хаффингтон Постын шашин судлаач
Монгол улс 1990 онд коммунист дэглэмээс ардчилсан засаглалд шилжсэнээс хойш Зүүн Азийн энэ улс олон зууны настай буддын шашны уламжлалаа сэргээхийн төлөө хүчин чармайлт гаргаж ирсэн. Өнөөдөр буддын шашныг сурталчлах хамгийн гол ажил Далай ламын оюуны санааны удирдлага дор Монголд явагдаж байгаа бөгөөд зохион байгуулагчид нь цаашид энэ орныг буддын шашны сургалт, бясалгалын дэлхийн төв болох зорилготой гэдгээ хэлж байна. Монголд хэрэгжүүлж буй “Их Майдар” төслийг Монгол болон АНУ-ын шашны удирдлагууд, зураачид, уран бүтээлчид болон урлаг соёлынхон санаачлан хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд бясалгал, мөргөлийн байгууламжууд, буддын шашны боловсрол олгох төвүүдийг байгуулж, яг төвд нь 177 футын өндөр Майдар бурханыг сүндэрлүүлэх юм.
“Их Майдар” төслийн зургаар Майдар бурханы дүрийг хэрхэн бүтээн цогцлоож буйг мөн суврага нь ямархуу харагдах вэ гэдгийг харуулж өгчээ. “Энэ төслийн зорилго нь энэхүү бурханы хэмжээ, харагдах байдал нь дэлхий даяар олон хүний анхаарлыг татах, хайрын билэг тэмдэг болох ёстой юм” гэж “Их Майдар” төслийн Америкийн талын гүйцэтгэх захирал Майкл Футс Хаффингтон Пост сайтад ярьсан байна. Буддын шашны олон зуун сүм хийдийг сүйтгэж, эртний ном судрыг шатаан, олон мянган лам хуврагыг хэлмэгдүүлсэн коммунист засгийн хатуу дэглэмийг халж Монгол улс 1990 онд парламентын засаглалыг тунхаглан, чөлөөт сонгуулиар ерөнхийлөгчөө сонгон ардчилсан дэглэмд шилжсэн юм. Энэ өөрчлөлт улс орныхоо уламжлалт буддын шашныг сэргээх боломжийг Монголын ард түмэнд авч ирсэн. “Их Майдар” төсөл хэрэгжиж дуусмагц буддын шашны шинэ төв олон нийтэд үнэ төлбөргүйгээр үүд хаалгаа нээх юм.
Энэ төсөл одоогоор Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын ойролцоо Богд Хан уулын өвөрт, Өгөөмөрийн аманд Зүрх уулын энгэрт бүтээн босголтын шатандаа явж байна. Зүрх уул нь 300 жилийн өмнө Монголын Буддын шашны тэргүүн Жавзандамба Хутагт мэндэлсэн газар гэгддэг юм. Майкл Футс “Энэ газарт хайр энэрэлийн билэг тэмдэг, буддын шашны төв барих нь Монголын ард түмний хувьд маш онцгой, таатай газар юм. Энэ газарт Монголын Буддын Шашны түүхийг харуулна, ялангуяа Монголын анхдугаар богд Жавзандамба хутагт, Азийн Микеланжело гэгддэг Өндөр Гэгээн Занабазарын урласан 17 дугаар зууны үеийн барьмал дүртэй яг адил байдлаар Их Майдар бурханы дүрийг бүтээн босгох юм” гэж Хаффингтон постод ярьжээ.
177 фут өндөр Майдар Бурханы дүрийг бүтээх “Их Майдар” төслийн 35% нь одоогоор хэрэгжиж дууссан бөгөөд төслийн удирдагч нар бүтээн босголтын үлдсэн хэсэгт зарцуулах санхүүжилт босгохоор ажиллаж байна. Оюун санааны удирдагч нь болох Далай Ламын зэрэгцээ Хамба лам Д.Чойжамц, Төвд лам Жхадо Ренбучи, Нью Йорк хот дахь Төвд төвийн ерөнхийлөгчөөр ажилладаг, Америкийн буддын шашны лам Роберт Турмэн нар төслийн захирлуудад зөвлөж, туслаж дэмжиж байна. Энэ төслийн гол зорилго нь үг хэлэх эрх чөлөөг дэмжих, Монголын буддын шашны соёлын суурийг тавих, ирээдүйд итгэх итгэл найдварын төлөө юм гэж Турмэний хүү Төвд төвийн гүйцэтгэх захирал Ганденгаас Хаффингтон Постод илгээсэн цахим захидалд онцолжээ. Далай лам болон төслийн удирдах зөвлөлийн гишүүн М.Батаа нар зөвлөлдөх уулзалтын үеэр төслийн хэрэгжилтийн ерөнхий байдлыг авч хэлэлцэх юм байна. Төслийн явц 2018 он гэхэд ерөнхийдөө жигдрэх бөгөөд олон нийтэд үнэ төлбөргүйгээр үүд хаалгаа нээх юм. Энэхүү бурханы дүр, оюун санааны боловсрол олгох төвүүдийг сүүлийн жилүүдэд хэд хэдэн удаа Монголд айлчилсан Далай ламын хувьд ирж мөргөж байх шинэ, ариун газар болгох зорилготой юм. Футсын ярьж байгаагаар бол буддын шашны өөр өөр угсаа гаралыг төлөөлөх, дэлхий дахины оюун санааны уламжлалыг харуулах төвүүдтэй байх энэхүү буддын шашны цогцолбор нь энх тайвны төлөөх бүх оюун санааны уламжлалын хувьд хамгийн чухал газар нь болох юм байна
Англи хэлнээс орчуулж бэлтгэсэн Цэнхэр Сүлд ТББ-ын гишүүн судлаач В.Ариунчимэг