БЭЭЖИН, (Юнайтэд Пресс Интернэйшнл – UPI)
Бээжингийн анхааруулгын үл харгалзан Далай лам саяхан Улаанбаатарт айлчилсан билээ. Харин үүнээс долоо хоногийн дараа Монголтой хиллэдэг Хятадын нэгэн хот улс хоорондын худалдааны зөрчил сөргөлдөөний төв болоод байна.
Хятадын хилийн энэ хот тээвэрлэлтэд оногдуулах хураамжаа нэмэгдүүлсний дараа Англи-Австралийн үндэстэн дамнасан корпораци Рио Тинто Монголын уурхайгаас бүтээгдэхүүн тээвэрлэхээ зогсоосон гэж Файнаншэл Таймз сонин мэдээлэв.
Үүнээс долоо хоногийн өмнө Хятад улс Далай ламын Монголд хийх айлчлалыг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн ч Монгол Улсын засгийн газарт шашны ач холбогдолтой тус айлчлал төлөвлөсний дагуу болж, 5 өдөр үргэлжиллээ гэж Дипломат сэтгүүл бичжээ.
Дээр дурдсан шинэ хураамжууд Өнгөрсөн долоо хоногын Пүрэв гарагт хэрэгжиж эхэлсэн бөгөөд эдгээр нь Хятадын нутаг дэвсгэр болох Өвөр Монголын хэд хэдэн хилийн цэгээр дамжих зэс, нүүрсний тээвэрлэлтэд ноогдох юм байна.
Хятадын мужийн баримт бичигт дурдсанаар дээрх хураамжууд нь “боомтын дэд бүтцийн байгууламж мөн боомтын тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, удирдлага болон бусад үйл ажиллагааны зардалд зарцуулахаар авсан банкны зээл, түүний хүүгийн төлбөрт голлон” зориулагдах гэнэ.
Гэвч өнгөрсөн баасан гарагт Рио Тинтогийн охин компанийн мэдээлснээр эдгээр хураамжууд нь “аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын хувьд хүндрэл учруулж буйн зэрэгцээ хил нэвтрэхэд хэт удаан хугацаагаар хүлээх шаардлага бий болгож байгаа” аж. Нүүрсэд ноогдуулсан эдгээр нэмэлт хураамжууд нь жилд 12 сая ам.доллар байх нь гэж Монгол Улсын засгийн газар мэдэгдэв.
Монголын буддистууд Далай ламыг бишрэн шүтдэг бөгөөд тэрбээр Монголд Буддын шашны нэгэн тэргүүн (X Богдыг хэлж буй. Орч) мэндэлснийг зарлах нь түүний айлчлалын нэг шалтгаан байсан байна.
Харин түүнийг ийн зарласан явдлыг Монгол, Хятад, Энэтхэгийн хооронд өхнөж буй “геополитикийн шатрын хөлөгт хамгийн сүүлд гарсан нүүдэл” байлаа гэж Монголын түүх судлаач М.А.Алдрич үзжээ.
Англи хэлнээс орчуулсан ЭТАБС ТББ-ын гишүүн судлаач О.Баттулга