АНУ: Тагнуулын төв газрын хуучин ажилтан ‘Хятадын мэдээлэгч’ гэгдэж баривчлагдлаа
New York Times, 2018.01.16
Хятад гаралтай Америк залууг АНУ-ын Холбооны мөрдөх товчоо өмнөх долоо хоногт баривчлав. Ингэхдээ Хятад дахь АНУ-ын тагнуулын үйл ажиллагааны нууц мэдээллийг Хятадын эрх баригчдад дамжуулсан гэх шалтгаанаар баривчилжээ. Jerry Chun Shing Lee-гийн хувьд 2007 онд Тагнуулын төв газраас халагдсан гэх бөгөөд ТТГ-ын ажилтнууд, тэдний Хятад дахь тагнуулын ажиллагааны багийн гишүүдийн уулзалт дээр жинхэнэ нэр, холбоо барих хаяг зэрэг мэдээллийг гараар бичсэн тэмдэглэл бүхий сэтгүүл нь олдсон гэжээ.
Энэ мэдээллийг Хятадын аюулгүй байдлын албан тушаалтнуудад шилжүүлсэн гэж үзэж буй бөгөөд үүний улмаас 2010-2012 онд АНУ-ын олон тагнуулч БНХАУ-д хоригдсон бөгөөд амь насаа алдсан гэжээ. Мөн нэг тагнуулчийг бусдынх нь өмнө сургамж болгох зорилгоор амь насыг нь хөнөөсөн гэжээ. Энэхүү Хятад дахь АНУ-ын тагнуулын үйл ажиллагааны алдаа, хохирлыг Хүйтэн дайны үеэр АНУ-ын тагнуулын үйл ажиллагааны мэдээллийг бүтэн жилийн туршид Оросуудад өгч байсан гэх Aldrich Ames болон Robert Hanssen нарын үйлдэлтэй харьцуулан тайлбарлаж байна.
БНХАУ / ОХУ: S-400 загварын агаараас хамгаалах системийг ОХУ-аас БНХАУ-д нийлүүлж эхэлсэн гэжээ
Jane’s, 2018.01.18
ОХУ-ын төрийн хэвлэлд мэдээлснээр, S-400 загварын газраас агаарт харван устгах пуужингийн системийг БНХАУ-д нийлүүлэх ажил явагдаж байна гэжээ. Энэ мэдээнд хэр олон ийм төхөөрөмжийг захиалсан талаар дурдаагүй бөгөөд өмнө нь 2015 онд БНХАУ зургаан ширхэг зай худалдан авахаар гэрээ байгуулсан гэгдэж байсан юм.
Энэхүү ханган нийлүүлэлтэд сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээ, тоног төхөөрөмж багтсан гэх бөгөөд БНХАУ-д технологи дамжуулах, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх зөвшөөрлийг өгөөгүй байна. Энэ нь БНХАУ тус загварыг өөрсдөө үйлдвэрлэх ёсгүй гэдгийг харуулж байна.
БНХАУ-ын хувьд S-400 загварыг худалдан авч буй анхны гадаад худалдан авагч бөгөөд Хятадын байнгын стратегийн өрсөлдөгч болох Энэтхэг улсын хувьд цөөн тооны S-400 загварыг худалдан авахаар зөвшөөрсөн байна. S-400 загварын хувьд 400 км буюу түүнээс илүү зайд буй онгоц, баллистик болон далавчит пуужин зэрэг бүх төрлийн агаарын байг устгах чадвартай гэж үздэг. Ажиглагчдын үзэж байгаагаар, S-400 нь Өмнөд Хятадын тэнгис, Гималайн маргаантай бүс нутаг дахь БНХАУ-ын агаараас хамгаалах чадавхийг үлэмж хэмжээгээр бэхжүүлэх юм.
Солонгос: Олимпийн тоглолтод Солонгосчууд нэгдсэн нэг далбаан дор оролцоно
BBC News, 2018.01.17; New York Times, 2018.01.17
Хойд болон Өмнөд Солонгосын засгийн газрууд дараа сард БНСУ-ын Пёнчанд болох Өвлийн олимпд ‘Нэгдсэн Солонгос’ баг болж оролцох талаар урьдчилсан тохиролцоонд хүрчээ. Үүнийг Олон улсын олимпын хороо зөвшөөрвөл тус улсын тамирчид олимпийн нээлт, хаалтын ёслолын арга хэмжээнд нэгдсэн далбаан дор оролцох, эмэгтэй хоккэйн төрөлд хамтарсан багаар оролцох юм.
Түүнчлэн ОУОХ-ны Дүрмийн дагуу Хойд Солонгосын багийн гишүүд, дэмжигчдийг олимпийн тоглолтод оролцох нь НҮБ-ын санкц /хориг/-ийг зөрчихгүй гэж үзэж байгаа аж. Харин Сөүлийн гадаад түншүүд энэхүү хэлэлцээг таатай хүлээж авахгүй байгаа юм. Тухайлбал, Япон улсын зүгээс Өмнөд Солонгост хандаж, Хойд Солонгосын ‘увайгүй доромжлол’-д болгоомжтой байхыг сануулсан бол, энэ үйл явдал АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хүчин чармайлтыг доройтуулж болзошгүй гэжээ.
Ажиглагчдын зүгээс дээрх үйл явдал нь Хойд Солонгосын өдөөн хатгалгад цаашид Өмнөд Солонгос, түүний холбоотнууд хариу арга хэмжээ авахад хүнд боллоо гэжээ.
Англи хэлнээс орчуулж бэлтгэсэн ГПСХ-гийн шинжээч гишүүн Л.Галбаатар