АНУ: Батлан хамгаалах салбарын бодлогод терроризмоос илүүтэйгээр ОХУ, БНХАУ-ын өсөлтийг аюул заналд тооцов
Pittsburgh Post-Gazette, 2018.01.21
АНУ-ын Зэвсэгт хүчин сүүлийн арван жилд анх удаа буюу 1 дүгээр сарын 19-ний өдөр ‘Үндэсний батлан хамгаалах стратеги’ (ҮБХС)-ийн шинэ хувилбараа танилцуулав. Обамагийн үеийн стратеги дахь тэргүүлэх чиглэлээс ҮБХС-д багахан өөрчлөлт оруулжээ. Тодруулбал, стратегийн сорилт, бэрхшээлийн жагсаалтаас терроризмын эрэмбийг доошлуулан өөрчилж, голлох эрх мэдлийн төлөөх өрсөлдөөний эрэмбийг дээшлүүлж, АНУ-ын үндсэн өрсөлдөгчөөр Хятад, Оросыг нэрлэжээ.
Мөн тус ҮБХС-д Хойд Солонгос, Ираныг аюул заналд тооцож, дайн мөргөлдөөн уламжлалт бус хэлбэрт буюу цахим орчин, хиймэл оюун ухааны салбарт шилжсэн гэдгийг онцолжээ. Түүнчлэн ҮБХС-д Хятадын ашиг сонирхлыг ‘хөрш зэргэлдээ орнуудыг албадан эзэрхэх эдийн засаг’-ийг ашиглаж байна гэж шүүмжилжээ. Мөн ОХУ-ыг НАТО-гийн орнуудын хүчийг сулруулах, сүйтгэхийн тулд шинэ технологи ашиглаж байна гэж буруутгажээ.
Үүнээс гадна, ҮБХС-д Дэлхийн 2 дугаар дайны дараах АНУ-ын дэмжлэгтэй олон улсын дэглэмд учирч буй сорилтыг онцолж, Хятад, Орос тус дэглэмээс ашиг хүртэхээс гадна түүний хэм хэмжээг сулруулж байна гэжээ. Ажиглагчдын тэмдэглэснээр, өнөөгийн ‘Америк нэгдүгээрт’ бодлогод тун сонирхолтой нэмэлт орж, үнэндээ тогтвортой байдлыг алдагдуулагч хамгийн том хүчин зүйл нь НАТО юм гэсэн санааг цухалзуулжээ.
АНУ: АНУ-ын дайны хөлөг онгоц БНХАУ-ын бүрэн эрхт байдалд ‘халдсан’ гэв
Channel News Asia, 2018.01.20
АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин 2018 оны анхны навигацийн эрх чөлөөний үйл ажиллагааг (FONOP) 1 дүгээр сарын 17-ны өдөр Өмнөд Хятадын тэнгист явуулав. ‘Навигацийн эрх чөлөө’ нь аливаа тусгаар тогтносон улсын далбааг мандуулсан хөлөг онгоцонд бусад улс саад учруулахгүй, хөндлөнгөөс нөлөөлөхгүй байх тухай олон улсын заншлын хэм хэмжээний зарчим юм.
Энэхүү навигацийн эрх чөлөөний үйл ажиллагааг пуужин устгагч ‘Arleigh Burke’ загварын ‘Hopper’ хөлөг онгоц ‘Scarborough Shoal’ арлын орчим 22.2 км аялж хэрэгжүүлжээ.
Энэхүү үйл явдлыг БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч ‘БНХАУ-ын бүрэн эрхт байдал, аюулгүй байдлын ашиг сонирхлыг зөрчсөн үйл явдал’ гэж тайлбарлажээ. Хятадын хувьд ‘Fiery Cross Reef’, ‘Johnson South Reef’ арлуудыг хянадаг ч ‘Scarborough Shoal’ аралд хяналт тогтоогүй юм. Бээжингийн зүгээс нутаг дэвсгэрийн усанд дамжин өнгөрөх нь БНХАУ-ын дотоодын хууль төдийгүй Далайн эрх зүйн тухай НҮБ-ын конвенцыг зөрчсөн гэж мэдэгдэж, АНУ-ын байр суурийг буруутгасан байна. Ерөнхийлөгч Трампын үеэс эхлэн навигацийн эрх чөлөөний үйл ажиллагаа зургаан долоо хоног тутам нэг удаа болж, хурдастай өсч байна.
БНХАУ: Ардын чөлөөлөх арми хуучин бөмбөгдөгч онгоцнуудаа шинэчилж байна
Asia Times, 2018.01.22
Хятадын төв телевизийн мэдээлснээр, БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн Өмнөд Хятадын тэнгисийн флот H-6G загварын дайны электрон бөмбөгдөгчөөр шинэчлэгджээ. Тэрхүү бөмбөгдөгчөөр өмнөх долоо хоногт Өмнөд Хятадын тэнгист сургуулилалт хийжээ. Хятадын төв телевизийн үзүүлснээр, H-6G нь дайсны онгоц, пуужингийн радарыг төөрөлдүүлэх төхөөрөмжтэй юм. 1990-ээд оны үед H-6G нь Ардын чөлөөлөх армид H-6K болон H-20-г ашиглаж эхлэх хүртэл түр ашиглагдаж байсан юм.
Энэ мэдээ нь Өмнөд Хятадын тэнгис дэх БНХАУ-ын арлуудад тус улс агаарын хяналт тогтоож болзошгүй болсныг харуулж байна.
Англи хэлнээс орчуулж бэлтгэсэн ГПСХ-гийн шинжээч гишүүн Л.Галбаатар