Геополитик судлалын хүрээлэнгийн захирал, шинжлэх ухааны доктор, профессор Д.Мягмар
ШХАБ-ын талаар баримтлаж буй Монгол Улсын өнөөгийн байр суурь, учир шалтгааны талаарх бодол эргэцүүлэл
- ШХАБ-ын талаар баримтлаж буй Монгол Улсын өнөөгийн байр суурь, учир шалтгааны талаар
Монгол Улс ШХАБ-ын талаар өнөөг хүртэл өөрийн гэсэн маш тодорхой байр суурь баримталж ирсэн байна.
ОХУ, БНХАУ-ын зүгээс энэ байгууллагад Монгол Улсыг оролцуулах сонирхолтой байгаагаа тогтмол илэрхийлж байсан боловч манай улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хөгжил, төлөвийг анхааралтай ажиглаж, харзнаж иржээ. Энэ нь юуны өмнө энэ байгууллага бүрэн төлөвшөөгүй, өнгөрсөн оныг хүртэл үндсэндээ гол зорилгоо тодорхойлох, гишүүд нь өөр хоорондоо учраа олох, гишүүнчлэлийнхээ дүрэм, журмыг бүхэнд ойлгогдохоор тодорхой болгох буюу нэг үгээр хэлбэл зохион байгуулагдах, төлөвших шатандаа явж ирсэн тул түүний мөн чанар, учир холбогдлыг ухааран ойлгоход тодорхой цаг хугацаа шаардлагатай байсантай холбоотой байна. Нөгөөтээгүүр, тус байгууллагыг голчлон цэрэг, улс төрийн болон аюулгүй байдлын өнцгөөс харах явдал бусад орны, ялангуяа Барууны улсуудын хувьд нэлээд түгээмэл байгаатай энэ нь бас уялдаатай байсан бололтой. Өөрөөр хэлбэл эдгээр орны байр суурийг бид бас гадаад бодлогодоо харгалзах ёстой байсантай энэ нь нягт уялдаатай байна.
Үүний зэрэгцээ манай орныг тойрсон орон зайд бий болсон олон улсын геополитикийн шинэ нөхцөл байдлыг харгалзан энэ байгууллагын талаар баримтлах бодлого, байр суурь, хамтран ажиллах чиглэлдээ тодотгол хийх зайлшгүй шаардлага үүсээд байгаа нь бас бодит зүйл болоод байна.
Түүнчлэн ШХАБ-ын өнөөгийн байдлаас харвал цаашид улс төр, аюулгүй байдлын асуудлын сацуу эдийн засгийн хамтын ажиллагааг тэргүүлэх чиглэлийн нэг болгон эрчимжүүлэх төлөвтэй байна. Энэ байгууллагын хүрээнд яригдаж эхэлж буй чөлөөт худалдааны бүс, ачаа тээврийн бодлогын зохицуулалт, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, улмаар “Нэг бүс-нэг зам” санаачилга, Евразийн эдийн засгийн холбоотой нягт хамтран ажиллах, байгалийн гамшигтай хамтран тэмцэх, олон улсын терроризм, хил дамнасан гэмт хэрэг, хар тамхины наймааны эсрэг тэмцэх зэрэг асуудал нь манай улсын ашиг сонирхолтой зайлшгүй холбогдож байгаа юм.
Эдгээр үйл явцад хамрагдалгүй үлдвэл бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийн үйл явцаас хоцрох, томоохон төслүүдийн гадна үлдэх эрсдэл бас байгаа нь судалгаанаас харагдаж байна.
- Олон улсын геополитикийн шинэ нөхцөл байдалтай уялдуулан авч үзэх зарим асуудал.
ШХАБ хэдийгээр өөрийгөө, хамтын хөгжил, аюулгүй байдлыг хангах зорилго бүхий Төв Азийн орнуудын оролцоо бүхий, гэхдээ Хятад, Орос тэргүүлэх үүрэгтэй оролцдог олон улсын засгийн газар хоорондын байгууллага гэж хэлдэг боловч Барууны орнуудад түүнийг НАТО-ийн эсрэг сөрж зогсох зорилго бүхий дорно дахины цэрэг- улс төрийн эвсэл хэмээн үзэх нь улам бүр лавшрах шинжтэй байна.
Өнгөрсөн онд Энэтхэг, Пакистан хоёр энэ байгууллагад бүрэн эрхт байгууллагаар элссэн нь түүний үйл ажиллагааны хүрээ нь зөвхөн Хятад, Оросыг Төв Азид хамаарах газар нутаг, Төв Азийн улс орнуудаар хязгаарлагдахгүй болж байна гэсэн ойлголтыг хэн бүхэнд өгсөн болно. Иран улс жинхлэхээр ихээхэн чармайлт гаргаж, Турк ч бас иймэрхүү санаатай байгаагаа удаа дараа илэрхийлсээр байгаа нь үүний өөр нэг нотолгоо юм.
Иран, Туркийг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсүүлэх бодлого нь зөвхөн энэ байгууллагын хүрээг өргөтгөхдөө биш гол нь Хятадын “Нэг бүс-нэг зам” санаачилга болон ер нь Евразийг дамжсан Торгоны шинэ зам байгуулах түүний төлөвлөгөөтэй уялдаатай болох нь ойлгогдож байгаа юм. Мөн Орос, Казахстан хоёрын ихээхэн зүтгүүлж буй Евразийн эдийн засгийн холбоо болон Хамтын аюулгүй байдлын гэрээний гэж нэрлэгддэг хуучин ЗХУ-ын эзэлж байсан геополитикийн орон зайд үүсэн бий болсон цэргийн хамтын ажиллагааны байгууллагыг бүс нутгийн, нөлөө бүхий болгон хүчжүүлэх Оросын санаархалтай ч энэ нь мөн уялдаатай бололтой байдаг юм.
Энэтхэг, Пакистан гэсэн үндсэндээ ардчилсан тогтолцоотой, Барууны талыг баримтлагч, дээр нь өөр хоорондоо өрсөлдөгч хоёр улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болж чадсан нь энэ байгууллагын үүд хаалга ийм маягийн өөр хоорондоо зөрчил сөргөлдөөнтэй орнуудад төдийгүй төр, нийгмийн өөр тогтолцоо, чиг баримжаатай буюу ардчилсан улсуудад ч нээлттэй байж болох юм гэдгийг харуулж байгаа. Энэ нь юуны өмнө Монгол Улсад хамаарч болох талтай шинэ нөхцөл байдал юм.
Ийм ч учраас Иран улс жинхэнэ гишүүн болох нь улам бүр ойртсоор байгаатай зэрэгцэн Саудын Араб болон түүний түншүүд, тэр ч байтугай Персийн булангийн хаант улсууд ч ийм санаачилга гаргах юм бол гайхах зүйлгүй болоод юм.
Гэхдээ Орос, Хятадын тухайд бол тэдэнд юуны өмнө Монгол Улсын гишүүнчлэлийн асуудлыг нэг тийш нь болгон шийдвэрлэх чухал байгаа байх. ШХАБ-ын бүтэц, бүрэлдэхүүн, үйл ажиллагааны агуулгад гарч буй өөрчлөлт, тэгээд манай улсын эргэн тойронд буй болсон геополитикийн шинэ нөхцөл байдал энэ асуудлыг аль аль талдаа ашигтайгаа зөвшилцөн шийдвэрлэх бололцоог бий болгож байж магадгүй юм.
- ШХАБ-д элсэх эсэх тухай асуудлыг авч үзэхэд анхаарах олон улсын болон үндэсний эрх зүйн зарим асуудал.
ШХАБ нь НҮБ-д бүртгэлтэй, ажиглагчийн статустай, Засгийн газар хоорондын олон улсын байгууллага бөгөөд түүний дүрэмд энэ байгууллагыг олон улсын цэрэг-улс төрийн эвсэл гэдгийг тодорхойлсон зүйл заалт байхгүй юм.Ийм учраас Монгол Улсад энэ байгууллагад элсэхэд саад болох олон улсын болон үндэсний эрх зүйн үндэслэл байдаггүй болно.
Ер нь Монгол Улс энэ байгууллагад элсэх эсэх асуудлыг НҮБ-ын дүрэм, журам, манай улсын нэгдэн орсон олон улсын конвенц, олон улсын бусад байгууллага, улс оронтой байгуулсан олон улсын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд, тэгээд хамгийн гол нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын болон Гадаад бодлогын үзэл баримтлал, Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичиг, бусад хууль тогтоомжийн дагуу л авч үзэх ёстой юм.
Түүнээс биш ШХАБ нь олон улсын цэрэг-улс төрийн байгууллага гарцаагүй мөн, түүнчлэн цэргийн эвсэл ч байж магадгүй учир элсэж огт болохгүй гэдэг ч юм уу, эсвэл энэ байгууллагад жинхэнэ гишүүнээр элсвэл “Барууны орнууд манайхыг дэмжих, биднийг ардчилсан улс гэж үзэхээ болино”, “эдийн засгийн салбарт хамтран ажиллахгүй болно”, “АНУ манай улстай тогтоосон батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа зогсооно” гэх мэт хувь хүмүүсийн таамаглалын чанартай зүйлийг үндэслэл болгож энэ асуудалд хандаж болохгүй юм.
Энэ асуудал Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшлийн хувь заяатай холбоотой учир хүн болгон, түүний дотор Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас эхлээд хэн бүхэн ШХАБ-т элсэх хэрэгтэй, хэрэггүй гэсэн өөрийн саналаа илэрхийлэх бүрэн эрхтэй нь ойлгомжтой зүйл юм.
Гэхдээ өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үндсэндээ Үндсэн хуулийн дээр дурдсан заалтыг зөрчин НҮБ-ын индэр дээрээс “Манай улс байнга төвийг сахих статустай боллоо” гэж зарлаж байсныг мартаж бас болохгүй юм. Үүнээсээ болоод тэр бээр будлианд орооцолдож, хэлсэн үгнийхээ хойноос хөөцөлдөж, холбогдох хуулийн төсөл нөхөж боловсруулан УИХ-д өргөн мэдүүлж байсан түүхтэй. Энэ нь улс төрийн шийдвэр гаргах дэс дарааллын хувьд маш том алдаа байсан. Тийм ч учраас энэ хууль хэлэлцэгдээгүй буцаагдсан. Ер нь байнга төвийг сахих үзэл санаа ч олон түмнээр дэмжигдээгүй юм.
Ийм учраас энэ асуудлыг шийдвэрлэхдээ юуны өмнө Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1-ийн 2-т тусгагдсан “Төрийн гадаад, дотоод бодлогын үндсийг тодорхойлох онцгой бүрэн эрх зөвхөн УИХ-д хадгалагдах” гэсэн үзэл санааг баримтлах нь зөв байх.
Өөрөөр хэлбэл, ШХАБ-д элсэх тухай асуудлыг Үндсэн хуулийн дагуу УИХ-д хууль санаачлах эрх бүхий аль нэг субъект албан ёсоор өргөн барьж хэлэлцүүлэн эцэслэн шийдвэрлүүлэх нь зүйтэй байна. Ер нь энэ нь цаг хугацааны хувьд тулгамдсан асуудал болоод байгаа нь үнэн. Хэрэв УИХ хурал хэлэлцэн шийдвэрлэж чадахгүй бол нийт ард түмний дунд санал асуулга явуулах аргыг ч хэрэглэж болох талтай юм.
- ШХАБ-д элсэхийн ашиг тус болон сөрөг үр дагаврын тухай зарим асуудал
Манай улс тус байгууллагад 2004 онд анхны ажиглагчийн статустай улс болсон байдаг. Одоогоор хамгийн удаан ажиглагчийн статустай яваа нь Монгол Улс. Ажиглагч улс болсноосоо хойш үйл ажиллагаанд нь бололцооныхоо хирээр идэвхтэй оролцож, төр засгийн тэргүүнүүдийн хувьд томоохон хэмжээний уулзалтад байнга оролцож ирсэн байна.
ШХАБ-ын гол тоглогч орнууд нь манай хоёр хөрш болох ОХУ, БНХАУ байдаг. Гэхдээ цэрэг улс төр, аюулгүй байдлын хувьд ОХУ ШХАБ дотроо тэргүүлэгч орон. Харин эдийн засаг, санхүүгийн нөөцийн хувьд Хятадыг гол нөлөөтэй гэж судлаачид үздэг.
Хойд хөршийн хувьд 2015 оноос олон улсын хориг арга хэмжээнд өртөж Европын тухайд түүнээс үндсэндээ тусгаарлагдсан учир Дорно зүгээс холбоотон хайж эхэлсэн. Энэ хүрээнд хамгийн их найдвар тавьж буй түншүүд нь мэдээж хэрэг ШХАБ, түүний гишүүн орнууд болоод байгаа. ОХУ-д барууны орнууд тэр дундаа их наймын орнуудын зүгээс тавьсан нэлээд хатуу хориг, шахалт нь ОХУ-д ШХАБ-ыг бүрэн бэхжүүлэх шинэ эрмэлзлийг бий болгосон. Өөрөөр хэлбэл, өөрийн гэсэн холбоотноо энэ байгууллагын хүрээнд бэхжүүлэх сонирхол нь ихэссэн.Тиймээс ч хэдийгээр “гол нь эдийн засгийн хамтын ажиллагаа” гэсэн үг ярианы ард ШХАБ-ыг Барууны орнуудын эсрэг чиг хандлагатай олон улсын цэрэг, улс төрийн эвсэл болгох бодлого явагдаж байна гэж үзэх хүмүүс бас олон байгаа юм.
Хятадын тухайд гэвэл “Нэг бүс-нэг зам” төслөөрөө дэлхийн бүс нутгуудад өөрийн нөлөөллөө тогтоох оролдлого хийж байгаа. Энэ нь ч бас амжилттай хэрэгжиж байгаа. Энэ санаачилгаа ШХАБ-аар дамжуулан хэрэгжүүлэх сонирхлоо ч байнга илэрхийлж байгаа.
Үнэндээ ч ШХАБ-ын гишүүн орнууд нь ихэвчлэн авторитар дэглэмтэй лидер дагнасан улс орнууд. Ямар нэг байдлаар Киргизийг тооцохгүй бол энэ байгууллагын гишүүн улсууд бүгд насаараа нэг хүн эрх барих тогтолцоотой орнууд юм. Ийм учраам төр, нийгмийн ардчилсан тогтолцоотой манай улсын тухайд ийм улсуудаас бүрдсэн олон улсын байгууллагад жинхэнэ гишүүнээр элсэн орвол ямар эрсдэл, сорилт тулгарч болохыг бас бодож тооцох л хэрэгтэй юм.
ШХАБ-ын батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хамтын ажиллагааны гол чиглэлийг терроризм, салан тусгаарлагчтай хамтран тэмцэх асуудал гэж ОХУ, Хятад хоёр тодорхойлдог. Гэтэл манай улс холбооны бус улс, тэгээд ч салан тусгаарлах үзэл одоогоор тулгамдсан асуудал биш, мөн терроризмын аюул өнөө маргаашгүй заналхийлсэн юм байхгүй байгааг бас болох учиртай юм.
Хэдийгээр Монгол Улс хоёр хөрштэйгөө найрсаг харилцааг эрхэмлэдэг ч гуравдагч хөршийн бодлогыг мөн баримталж ирсэн. Зарим хүмүүс хэрэв ШХАБ-д жинхэнэ гишүүнээр элсвэл Монгол АНУ-ын дэмжлэг, донор орнуудаа алдахад хүрнэ, хөрш хоёр том гүрнийхээ дунд улс төр эдийн засгийн шууд хамааралд орно гэж хэлж байгаа. Үүний зэрэгцээ, Барууны орнуудын донорын тусламж одоогоор үндсэндээ зогсоод байгаа, хамгийн гол нь манай ардчиллыг дэмжигч гол гүрэн гэгддэг АНУ-ын хөрөнгө оруулалт манай улсад үндсэндээ байхгүй, өөрөө хэлбэл энэ дэмжлэгийн эдийн засгийн баталгаа гэж хэлж болох зүйлийг олж нэрлэхэд хэцүү гэдгийг бид бас бодох учиртай байж болох юм.
Эцсийн дүндээ ардчиллын ололт, түүний дотор манай улсын аюулгүй байдал, батлан хамгаалах хүч чадлын өсөлт эдийн засгийн баталгаатай л байж амжилтад хүрэх, хэрэгжих бололцоотой юм. Гэтэл хөрш хоёр орныг маань даван байж Барууны орнуудын, тэр тусмаа АНУ-ын ийм төрлийн дэмжлэг орж ирэх бодит бололцоо өнөө үед үндсэндээ байхгүй болоод байгаа юм.