Брэд Глоссермэн (brad@pacforum.org) нь Тама Их Сургуулийн Засаглалын Стратегийн Төвийн дэд захирал, зочин профессор бөгөөд Номхон Далайн Бүсийн Чуулга Уулзалтын ахлах зөвлөгч (суурин бус) юм. Түүний шинэ ном болох Японы оргил: Агуу санаархлын төгсгөл хэмээх номыг саяхан Жоржтауны Их Сургуулийн Хэвлэх газраас нийтэлсэн билээ.
Өнгөрсөн сард өрнөсөн “Их 20”-ийн уулзалтын үеэр АНУ-Японы холбоотны гэрээг шүүмжилсэн ерөнхийлөгч Дональд Трампын мэдэгдэлтэй харьцуулахад Японы ерөнхий сайд Шинзо Абэ, Хятадын удирдагч Ши Жиньпин нарын уулзалт олны анхааралд төдий л өртөөгүй юм. Хятад-Японы харилцаанд нээж ашиглаагүй олон боломж бололцоо байгаа ч хоёр орны харилцаа эргэн сайжрах болсон нь Ази тивийн гэрэлт ирээдүйн зурвасхан дүр зургийг харуулж байгаа билээ.
Гайхмаар ч гэлээ япончуудын дийлэнх нь Трампын шүүмжийг шууд утгаар нь хүлээн авсангүй. Трамп Японыг аюулгүй байдлаа АНУ-аар батлан даалгаж байна хэмээн шүүмжилж, мөн Япон үүнийхээ хариуд АНУ руу хийсэн довтолгоонд ямарваа батлан хамгаалах үүрэг хүлээхгүй байгаа нь шударга бус явдал хэмээн мэдэгдсэн билээ. Тус мэдэгдэл нь АНУ-ын ашиг сонирхолд чухал ач холбогдол бүхий Зүүн Өмнөд Азийн бүс нутаг дахь аюулгүй байдлын түншлэлийг ойлгож чадаагүй, түүхийг үл тоомсорлосон хэрэг болсон юм. Үнэн хэрэгтээ, 2001 оны 9-р сарын 11-ний террорист халдлагын дараа АНУ-ын талд зогсохоо эн түрүүнд зарласан олон улсын удирдагчдын нэг нь Японы ерөнхий сайд Койзуми Жүничиро байсан билээ. (Трамп Япон улсад айлчлах үеэрээ дээрх мэдэгдлийг хийсэн нь нэлээд бүдүүлэг явдал төдийгүй 5-р сард уг айлчлалынх нь үеэр Абэгийн үзүүлсэн найрсаг, зочломтгой зан руу ус цацсан хэрэг болжээ.) Трамп уг мэдэгдлээрээ Японы эсрэг бугшсан үзлээ харуулсан боловч Японы зүгээс үүнийг АНУ-ын бодлогын илэрхийлэл бус, харин худалдааны асуудлаарх хоёр талт яриа хэлэлцээнд давуу байр суурь олж авах гэсэн оролдлого хэмээн үзэж байгаа юм.
“Их 20”-ийн уулзалтын өмнөх өдөр Абэ, Ши нарын хийсэн уулзалт ийм нөхцөлд илүү чухал ач холбогдолтой болж байгаа юм. 2014 онд Хятадад болсон “Их 20”-ийн уулзалтын үеэр Япон, Хятад хоёр орон харилцаагаа эргэн дулааруулах талаар нааштай байр сууринд хүрч, өнөөг хүртэл харилцаа нь аажмаар сайжирч ирсэн билээ. Өнгөрсөн сард Абэ Япон-Хятадын харилцааг хэвийн горимдоо бүрэн шилжсэн хэмээн мэдэгдсэнээс гадна Япон-Хятадын харилцаанд шинэ үеийг нээхийн тулд Ши Жиньпинтэй ойр дөт хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийлсэн юм. Ши Жиньпин хоёр орны харилцааг “шинэ, түүхэн эхлэл цэгт” ирсэн гээд, ирэх оны хавар Японд төрийн айлчлал хийх урилгыг хүлээн авчээ.
Энэхүү хамтран ажиллах эрмэлзлийг Японы эсрэг (мөн ерөнхийдөө гадаад орнуудтай хамтран ажиллахын эсрэг) Трампын шүүмжлэлт байр суурьтай харьцуулан үзвэл бүс нутгийн шинэ дэг журам тогтох хандлага ажиглагдаж байна. Шинэ дэг журам үүсэх магадлалтай боловч үнэхээр ийм зүйл болох эсэхийг хэлэхэд арай эрт байна. Гэхдээ өнөөгийн байдалд үндэслэн хэтийн ирээдүй ямар байх талаар шинжилж үзэх боломж нээгдлээ. Миний зүгээс энэ тухайд 5 ерөнхий хувилбар байх боломжтой гэж үзэж байгаа юм.
Ази тивийн мандан бадрал. Энэ хувилбараар явбал, Ази тив дэлхийн эдийн засгийн хөдөлгөгч хүч хэвээр үлдээд зогсохгүй олон улсын дэг журмыг манлайлагч туйл болох юм. Япон, Хятадын харилцаа ойртон нягтарч, Европ тив дэх Франц, Герман хоёр улсынх шиг жинхэнэ түншлэл болсон нөхцөлд ийм боломж үүснэ. (Үүнд Европын Холбоо маягийн институци шаардлагагүй, харин бүс нутгийн тэргүүлэгч хоёр улс тактикийн зорилготойгоор хамтрахаас илүүтэй эерэг бүтэцтэй харилцаа хөгжүүлэх шаардлагатай.) Улмаар Умард Солонгосын цөмийн асуудал Хятадын туслалцаатайгаар шийдвэрлэгдэж, тус улс бүс нутгийн эдийн засагт нэгдсэнээр Солонгосын хойг бүхэлдээ Ази тивийн хөгжилд хохирол бус, дэмжлэг үзүүлэх боломж нээгдэнэ. Үүнээс гадна Хятад, Тайвань хоёр нэгдсэн саналын дор нэгдэнэ. Ингэснээр Зүүн Хойд Азийн өөрчлөлт нь улс орнуудын хооронд маргаан өрнөх орчин нөхцөлийг өөрчилж, Зүүн Ази даяар саадгүй харилцааг дэмжин, улмаар Зүүн Өмнөд Азид олон шинэ нөөц бололцоог нээж өгөх юм. Харин АНУ тус бүс нутагт шууд оролцоогоо үргэлжлүүлэх шаардлагагүй болох учраас алсаас тэнцвэржүүлэгч хүчний үүрэг гүйцэтгэх магадлалтай.
Өөр нэг боломжит хувилбар буюу хилэнт Ази нь бүс нутгийн маргаан гаарч, талуудын харилцаанд хор уршиг учруулснаас үүдэн бий болно. Токио-Бээжин, Токио-Сөүлийн хоёр талт харилцаанд чухал нөлөөтэй түүхэн асуудлууд гацаанд орж, улс орон болгон дотоод асуудлынхаа улмаас гадаад харилцаандаа золиос гаргах шаардлагатай болно. Урьд нь Япон түрэмгий зан авираасаа болж бүс нутгийн тоглогчидтой эвлэршгүй зөрчил үүсгэсэн бол, эдүгээ Хятад ч гадаад бодлогодоо Японоос дутахааргүй түрэмгий авиртай нь тодорхой болох бөгөөд АСЕАН их гүрнүүдийн тэмцлийг эцэслэх нэгдсэн саналд хүрч, бодлого боловсруулж чадахгүй. Өмнөд Хятадын Тэнгис, Тайванийн арал, Солонгосын хойг зэрэг өнөөгийн эмзэг сэдвүүд цаашид ч шийдэгдэлгүй үлдэнэ. Бүс нутгийн эдийн засгийн өсөлт удааширч, уур уцаар, хардалт газар аван, популист, авторитар чиг хандлага хүчээ авахад нөлөөлнө. Азийн улс орнууд уламжлалт зэр зэвсгээр хөөцөлдөх бөгөөд цөмийн зэвсгийн асуудлууд ар араасаа гарч эхэлнэ. АНУ “бусдын хүчийг сорогч” холбоотон, түншүүддээ хөрөнгө зарах хүсэлгүй болж, аюулгүй байдлын батлан даалтаа цуцална. Бүс нутгийн харилцаанд гомдол бухимдал зонхилж, институци, нэгдсэн хэм хэмжээ, үнэт зүйлс дулимгаас үүдэлтэйгээр Ази тив бүс нутгийн энх тайвныг дэмжих дорвитой арга алхам хэрэгжүүлэхэд арга мухардан, зарим үед хямрал зөрчлөөс сэргийлэхэд хүчгүйднэ.
Түгшүүртэй, цөмийн зэвсэгжсэн Ази гэх хувилбарт дулимагхан хөгжилтэй институциуд нь Ази тивийн олон талт харилцааг зохицуулахад хүчин мөхөстөнө. Улс орнууд дотоод асуудалдаа хэт их анхааран, нийтийн эрх ашгийн төлөө ямар ч улс төр, санхүүгийн нөөц бололцоогоо зарцуулах хүсэлгүй болно. Трамп ерөнхийлөгчийн баримталсан протекционист бодлогоос үүдэн улс орнуудын хооронд итгэлцэл бага, эдийн засгийн өсөлт зогсонги хэвээр үлдэнэ. Түүнчлэн халдварт өвчний дэгдэлт нь бүс нутгийн нягтралыг бусниулахгүй юм гэхэд удаашруулна. Зүүн Өмнөд Азид уур амьсгалын өөрчлөлтийн үр уршиг, байгаль орчны асуудлууд тулгамдах боловч улс орнууд эдгээр асуудлыг хамтран шийдвэрлэхийн оронд холдон хөндийрөхөд хүрнэ. Хятад улсын нийгэмд олон янзын асуудал нүүрлэн, байгаль орчны хямралаас үүдэлтэй ачаалал ялангуяа ихэснэ. Япон, Хятад хоёр гүрэн бие биеэсээ харилцан сэрэмжилж, хоёр Солонгос хуваагдмал, түгшүүртэй байдалд оршсоор байх бол АСЕАН бүс нутгийн түвшинд манлайлах эрч хүч, санаачилга гаргаж чадахгүй. АНУ сатаарч, хөндийрсөн байдалтай байна. Өмнөд-Хойд хоёр туйл үүсэж, Ази тивийн хойд хэсэг дэх өндөр хөгжилтэй орнуудын хүн ам насжих бол өмнөд хэсэг дэх орнуудад залуучууд ихсэн, хүн амын өсөлт зонхилох бөгөөд залуучуудынх нь дийлэнх нь ажилгүйднэ. Энэхүү дүр зураг нь шилжилтийн шинжтэй бөгөөд өөр нэгэн дүр зургаар яваандаа солигдож магадгүй.
Хүйтэн Дайны эргэн сэргэлт гэх дөрөв дэх хувилбарт АНУ-Хятадын өрсөлдөөн ширүүссэнээр бүс нутагт хулсан хөшиг татагдана. Азид ноёрхлоо тогтоохын төлөө Вашингтон, Бээжин тэмцэлдэн, энэхүү тулаан нь бүс нутгийн орнуудыг талцан хуваагдахад хүргэнэ. Тус хоёр орны эдийн засгийн харилцаа бүрэн эцэс болохгүй ч хэд хэдэн чухал салбарт зааглагдах болно. АНУ оюуны өмчийн эрхийн хамгаалалт болон экспортын хяналтаа эрс чангатгаснаар өндөр технологийн бүтээгдэхүүний худалдаа эрс буурах бол үүний хариуд Хятад улс дотоодын үйлдвэрлэлээ дэмжих шаргуу аян өрнүүлнэ. Хятадын интернэтийн цагаан хэрэм цар хүрээгээ улам өргөжүүлэн, Хятадын интернэт Өрнөдийн интернэтээс тусгаарлагдах бөгөөд Хятад өгөгдлөө нутагтаа төвлөрүүлэхийг шаардана. Эцэстээ Өрнөдийн либерал засаглал, Хятадын авторитар засаглалын хооронд тэмцэл өрнөнө. Юун түрүүнд Хятад улсын эдийн засаг эрчимтэй өсөж, тус засаглалын хэлбэр бусад улсын сонирхлыг татах, мөн АНУ Ази-Номхон далайн бүсэд оролцоогоо хэвээр хадгалах гэсэн хоёр нөхцөл биелсэн тохиолдолд дээрх тэмцэл, өрсөлдөөн бүрэн утгаа олох юм. Энэхүү хувилбарт, Тайвань эх газрын Хятадаас зайгаа чамгүй барьсаар байх бөгөөд Хятадын хүчийг сулруулах стратегийн хүрээнд АНУ-тай харилцаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлнэ. Түүнчлэн Солонгосын хойг хуваагдмал хэвээр үлдэж, Сөүл хүндхэн сонголттой нүүр тулна. Өмнөд Солонгос АНУ-тай холбоотны харилцаагаа үргэлжлүүлэх боловч Хятадтай хийх эдийн засгийн харилцаа болон Бээжингээр дамжин Пхеньянд хүрэх замаас улам бүр хараат болно. АСЕАН үр нөлөөгүй болох бөгөөд АСЕАН-ыг нэг цэгт төвлөрүүлэхээр чармайх ч гүнээ хуваагдмал байдал газар авч, төвөгтэй асуудлуудаар нэгдсэн саналд хүрэх чадваргүй болно.
Өөрчлөгдөөгүй Ази тив гэх тавдугаар хувилбарт өнөөгийнхтэй тун төстэй дүр зураг зонхилох юм. Ази тивийн эдийн засаг өсөж, дэлхийн эдийн засгийн хөдөлгөгч хүч хэвээр үлдэнэ. АНУ, Хятадын хоорондох хязгаарлагдмал өрсөлдөөн нь тус бүс нутгийн гол онцлог боловч хоёр орны зааг ялгаа багасаж буйн улмаас Ази тив дэх манлайлал, засаглалын асуудал үүснэ. Япон улс томоохон их гүрэн хэвээр байх ч нөөц чадавх, олон улсын тавцан дахь нөлөө нь буурна. Солонгосын Хойг хуваагдмал хэвээр бөгөөд Умард Солонгос цөмийн зэвсгээ хадгалан үлдсэний улмаас Сөүл, Токио хоёр Вашингтонтой харилцаагаа улам нягтруулна. АНУ холбоотны үүрэгтээ үнэнч үлдэх бөгөөд Трампын ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа холбоотны харилцаагаа улам эрчимжүүлсэн байх болно. АСЕАН бүс нутгийн дэг журамд гол үүрэгтэй оролцож буйгаа мэдэгдсээр байх ч бүс нутгийн аюулгүй байдлын бүтэц шинэчлэгдэхгүй. Түүнчлэн байгаль орчны асуудлууд улам ноцтой болж, энэ чиглэлд бүс нутгийн хамтын ажиллагаа нэмэгдэх боловч бодитой арга алхам хийх боломжгүй хэвээр байна.
Боломжит хувилбар бүрийн ерөнхий дүр зургийг онцлог шинжүүдтэй нь хамт тайлбарласан нь энэ болно. Аль хувилбар нь биеллээ олохыг тааварлах хэцүү. Цаашид гаргах шийдвэрүүд, хувь тохиолоос их зүйл шалтгаална. Томоохон газар хөдлөлт Японыг донсолгох, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшиг эргийн бүс нутгуудыг (мөн эргийн ойролцоо амьдардаг олон зуун сая хүн амын амьдралыг) өөрчлөх; Бээжинд ХКН-ын засаг захиргаа нуран унах; Ази тивд цөмийн бөмбөг дэлбэрэх гэх мэт эрс өөрчлөлтүүд ч гарч болох билээ…
Мэдэх аргагүй байна гэдэг таамаглах боломжгүй гэсэн үг биш юм. Азийн хэтийн төлөвийг хэлбэржүүлэгч гол хүчин зүйлсийг олж тогтоон, тэдгээрийн харилцан үйлчлэлийг тодорхойлох, мөн хүсүүштэй үр дүнг бий болгоход шаардлагатай урьдач нөхцөлийг тодорхойлоход илүү их хүчин чармайлт шаардлагатай байна. Өргөн хүрээнд авч үзвэл, Зүүн Хойд Азид болж буй үйл явдлууд бүс нутгийн хувьсал өөрчлөлтөд хамгийн их нөлөө үзүүлж байна. Өнгөрсөн сард Абэ, Ши нарын хийсэн уулзалт болон АНУ, Японы холбоотны харилцааны тухай Трампын мэдэгдэл зэрэг нь энэ ажлыг даруйхан эхлэх шаардлагатайг дохиолж байгаа юм.
PacNet дэх нийтлэл болон хариултууд нь нийтлэгчдийн хувийн үзэл бодол юм. PacNet-д олон ургальч үзлийг үргэлж нээлттэйгээр хүлээн авч, урамшуулах болно.
Англи хэлнээс орчуулж бэлтгэсэн ГПСХ-ийн шинжээч Э.Энхрэл