ГЕОПОЛИТИК СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН

Геополитик судлалын хүрээлэнг үүсгэн байгуулсан шаардлага

Монгол Улсын төрийн байгуулалт, эдийн засаг, нийгмийн шинэчлэл эхэлснээс хойш гадаад дотоод орчинд гарсан эрс өөрчлөлт, үүнээс үүдэн улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт шинээр бий болсон нөхцөл байдал нь улс орны хөгжлийн хандлага, өнөөгийн байдал, хэтийн төлөвт нөлөөлж болзошгүй гадаад дотоод олон талт хүчин зүйлсийг гео бодлого судлалын байр сууринаас тогтмол тандан судалж, дүн шинжилгээ хийх, холбогдох танилцуулага, дүгнэлт, санал, зөвлөмж боловсруулж байх зорилго бүхий төр болон улс төрийн нам, ашиг сонирхлын аливаа бүлгээс хараат бус, бие даасан төрийн бус эрдэм шинжилгээний байгууллагыг бусад улсын жишигт тулгуурлан өөрийн орны онцлогыг харгалзан байгуулах зайлшгүй шаардлагыг бий болгож байна.

Энэ үндсэн дээр дээрх чиглэлээр хамтран ажиллах хүсэл эрмэлзлээ илэрхийлсэн олон улсын харилцаа, аюулгүй байдал, стратегийн судалгааны салбарын эрдэмтэн, судлаачид санал нэгдэн “Геополитик судлалын хүрээлэн” оноосон нэр бүхий төрийн бус эрдэм шинжилгээний байгууллагыг 2015 оны 3 дугаар сарын 31-ны өдөр байгуулан үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Эрхэм зорилго

Тус хүрээлэнгийн эрхэм зорилго нь Монгол Улсад  гео бодлого судлалыг хөгжүүлэх энэ салбарт ажилладаг эрдэмтэн, судлаач, багш, эрдэм шинжилгээний ажилтан, мэргэжилтэн, сонирхогч, дэмжигчдийн оюуны чадавхийг сайн дурын үндсэн дээр нэгтгэхэд оршино.

Үндсэн чиг үүрэг

Тус хүрээлэн нь дэлхий нийтийн болон Ази, Номхон далайн бүс нутгийн улс хоорондын харилцаа, аюулгүй байдлын хамтын ажиллагаа, төрийн гадаад, дотоод бодлого, улс орны улс төр, эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдалд гео бодлого судлалын байр сууринаас бие даасан дүн шинжилгээ хийх, тэдгээр асуудлаар өөрийн санаачлага болон төр засгийн удирдлага, холбогдох бусад байгууллагын захиалгаар шинжлэх ухааны үндэслэл бүхий санал дүгнэлт, зөвлөмж боловсруулах, олон улсын аюулгүй байдал, стратегийн судалгааны чиглэлээр сургалт, семинарь явуулах зэрэг үндсэн чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна.

Эрдэм, шинжилгээ, судалгааны ажлын үндсэн чиглэл:

  • Геополитик судлалын хөгжлийн түүх, онол, практик;
  • Бүс нутгийн геополитикийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал;
  • Үндэсний аюулгүй байдлын дотоод нөхцөл байдал;
  • Олон улсын цэрэг улс төрийн байдал, батлан хамгаалах стратеги.

Үйл ажиллагааны үндсэн хэлбэр

  • Төслийн болон захиалгат судалгааны ажил хэрэгжүүлэх;
  • Үндэсний болон олон улсын чанартай эрдэм шинжилгээний хурал, уулзалт ярилцлага зохион байгуулах;
  • Сургалт, сурталчилгаа хэвлэл, мэдээллийн үйл ажиллагаа явуулах;
  • Олон улсын харилцаа, аюулгүй байдлын судалгааны чиглэлээр докторын диссертаци, магистрын ажил бичих асуудлаар арга зүйн зөвлөгөө өгөх.

Сургалт, семинар

Тус  хүрээлэн нь дараах тусгайлсан сургалт, дамжаануудыг зохион байгуулж байна:

  • Олон улсын харилцаа, аюулгүй байдлын судалгааны судалгааны салбарт ажилладаг хүмүүст зориулсан стратегийн дамжаа;
  • Гадаад харилцаа, аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын төрийн  байгууллагуудын удирдах албан тушаалтнуудад зориулсан стратегийн дээд дамжаа.

Гадаад харилцаа

Тус хүрээлэн  нь бусад улсын ижил төстэй төрийн бус болон эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудтай харилцаа тогтоох, мэдээлэл, эрдэм шинжилгээний бүтээл солилцох, хамтарсан судалгаа, эрдэм шинжилгээний бага хурал, уулзалт, семинар, ярилцлага зохион байгуулах, харилцан туршлага судлах эрмэлзэлтэй байдаг. Одоогийн байдлаар ОХУ, БНХАУ, АНУ, Япон, БНСУ, БНАСАУ зэрэг улсын энхтайван, аюулгүй байдал, геополитик, стратегийн судалгааны эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, эдгээр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудтай харилцаа тогтоон, хамтран ажиллаж байна.

Хэвлэл, нийтлэлийн ажил

Тус хүрээлэн нь дараах төрлийн сэтгүүлүүдийг хэвлэн гаргах ажлыг эрхлэн явуулж байна:

  1. “Геополитик судлал” – геополитикийн судалгааны салбарт ажиллаж буй эрдэмтэд, судлаачид, мэргэжилтнүүдийн бичсэн эрдэм шинжилгээний өгүүллүүдийн эмхэтгэл. Хагас жил дутамд гарах цуврал.
  1. “Mongolian Journal of Geopolitical Studies” англи хэл дээр гарах хагас жил дутмын эмхэтгэл.

Нийгмийн чиглэлээрх ажил

Тус хүрээлэнгийн дэргэд “Залуу судлаачдын клуб” ТББ  болон стратегийн эрсдлийн асуудлаар зөвлөгөө өгөх үйл ажиллагааг хэрэгжүүлдэг “УБРМ консалтинг ХХК” ажиллаж байна. Мөн “Энхтайван, аюулгүй байдал судлал” ТББ, “Стратегийн судалгааны нийгэмлэг” ТББ болон цөмийн аюулаас ангид байхын төлөө “Цэнхэр Сүлд нийгэмлэг” ТББ-тай нягт хамтран  ажилладаг болно.

Удирдлага, зохион байгуулалт

“Геополитик судлалын хүрээлэн” ТБЭШБ нь “Эрдмийн зөвлөл, гүйцэтгэх удирдлага, ажлын алба, хүрээлэнгийн гишүүд гэсэн үндсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Хүрээлэнгийн Эрдмийн зөвлөл нь эрдэм шинжилгээ, судалгаа, мэдээлэл, сургалт, сурталчилгааны болон бусад үйл ажиллагааны бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлох, тэдгээрийн явц, тайлан, үр дүнг хэлэлцэн ач холбогдлыг нь үнэлж, дүгнэх, шийдвэр, санал, зөвлөмж гаргах эрх бүхий хамтын удирдлагын байгууллага юм. Удирдах зөвлөл жилд хоёроос доошгүй удаа хуралддаг болно.

Эрдмийн зөвлөлд олон улсын харилцааны болон аюулгүй байдлын судалгааны салбарын нэр хүнд бүхий эрдэмтэд ажиллаж байна.

Хүрээлэнгийн үйл ажиллагааг дэмжиж буй төр, нийгмийн зүтгэлтнүүд, нэрд гарсан эрдэмтэн судлаачид, бизнесийн төлөөлөөс бүрдсэн Зөвлөхүүдийн Зөвлөлийг УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр удирдан ажиллаж байна.

Хүрээлэнгийн өдөр дутмын үйл ажиллагааг үүсгэн байгуулагчдын хурлаас томилогдсон гүйцэтгэх захирал шинжлэх ухааны доктор, профессор, хошууч генерал Д.Мягмар удирдан явуулж байна.

Хүрээлэнгийн үйл ажиллагаанд өөрийн хувь нэмрийг оруулах, мэдээлэл авах, тус байгууллагаас хэрэгжүүлэх эрдэм шинжилгээ, судалгаа, мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажилд оролцох хүсэлтэй хүмүүсийг тус байгууллагын гишүүнээр элсүүлдэг бөгөөд гишүүнчлэлийн ангилал, ажиллах журмыг Хүрээлэнгийн дүрмээр болон тусгайлсан журмаар тогтоодог.

Эрдмийн зөвлөлийн болон Хүрээлэнгийн бусад гишүүн нь эрдэм шинжилгээ, судалгаа, хэвлэл нийтлэл, сургалт сурталчилгааны болон зохион байгуулалтын зэрэг тус тусын тодорхой ажил үүргийг сайн дурын үндсэн дээр хүлээж хэрэгжүүлж байна.

Аж ахуй, санхүүгийн үйл ажиллагаа

Хүрээлэнгийн аж ахуй, санхүүгийн үйл ажиллагааг Монгол Улсын хууль, тогтоомж, Хүрээлэнгийн дүрмийн дагуу улсын төсвөөс ангид байх хэлбэрээр зохион байгуулж явуулж байна. Хүрээлэнгийн мөнгөн ба бусад эд хөрөнгө нь үүсгэн байгуулагчдын оруулсан хөрөнгө, мөнгө, дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагаанаас олсон орлого, хүрээлэнгийн гишүүд, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хандив, тусламжаас бүрддэг.

Хүрээлэнгийн мөнгөн хөрөнгийн бүрдүүлэлтэд гадаад, дотоодын байгууллага, иргэд, хувь хүмүүсийн хандив, тусламж болон хүрээлэнгийн гишүүдийн хүчээр гүйцэтгэдэг төслийн болон захиалгат судалгааны ажлын санхүүжилт голлох үүрэгтэй байдаг болно.

Утас:              99060275, 93138353

Э майл:          igsmongolia@gmail.mn

Блог:               mongoliaworld.net

Нэвтрэх хаяг: http://www.mongoliworld.net

Advertisements